Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

Мянганы дээд хэмжээний уулзалтаас XXI зуунд дэлхий нийтээрээ хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж “Мянганы тунхаглал” болон “Мянганы хөгжлийн зорилт”-уудыг баталлаа. Энэхүү тунхаглалд шинэ зуун, шинэ мянганд дэлхий нийтээрээ энх тайван байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, зохистой засаглалыг тогтоох, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулж, эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн билээ.

Монгол Улс ч хөгжил дэвшилд эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, тэдний эрх тэгш байдлыг баталгаажуулах талаар тууштай бодлого баримталж ирлээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ирсэн юм.

Дэлхийн эмэгтэйчүүдийн IY бага хурлаас батлан гаргасан Үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн Засгийн газраас баталсан “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1996-2002 онд хэрэгжүүлэх явцад эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах, тэдний боловсролыг дээшлүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах, эмэгтэйчүүдийн асуудлыг хариуцсан үндэсний тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудалд зохих дэвшил гарсан байна.

Манай улс зах зээлийн харилцаанд шилжих үеийн зарим бэрхшээл, сүүлийн жилүүдэд үргэлжилсэн байгалийн гамшиг зэргээс шалтгаалан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж хүн амын тодорхой хэсгийн аж байдал доройтох хандлага үргэлжилж байна.

Цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүл дэх хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлалыг арилгах, түүнчлэн хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаа болон шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэхүү шаардлагын үүднээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци, түүний нэмэлт протоколын үзэл санаанд нийцүүлэн Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийг боловсрууллаа.

Хөтөлбөрт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тохиолдож байгаа бэрхшээлийг арилгах, тэдний идэвхтэй хамтын оролцоотойгоор хөгжилд хүрэх, юуны өмнө нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангахыг эн тэргүүнд чухалчилж байгаа болно.

Хөтөлбөрийг жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох, төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоо, хувь нэмэр түүнчлэн үндэсний болон орон нутгийн хэмжээнд хөрөнгө, нөөцийг зохих ёсоор дайчлах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн зорилго нь нийгмийн хөгжил дэвшилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэднийг нийгмийн баялгийн үр шимээс  адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах, нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийг арилгахад оршино.

 

Гурав. Хөтөлбөрийн зарчим

  1. Жендэрийн тэгш эрхийн зарчим: Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
  2. Жендэрийн талаархи бодлогыг уялдуулах зарчим: Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогыг  салбар, орон нутгийн онцлог, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдуулна.
  3. Жендэрийн асуудлаархи нийгмийн зөвшил, оролцооны зарчим: Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллага, түүнчлэн нийт эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оролцох оролцоог идэвхжүүлж, нийгмийн зөвшлийг хангана.
  4. Дэмжлэгийн зарчим: Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бүхий л санаачилгыг урамшуулан дэмжинэ.
  5. Жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, жендэрийн тэгш байдлын талаархи мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгоно.

Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт

Хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн үе шаттай уялдуулан 2015 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааг нь дараахь үе шатаар төлөвлөнө. Үүнд:

Нэгдүгээр үе шат 2003-2004,

Хоёрдугаар үе шат 2005-2008,

Гуравдугаар үе шат 2009-2012,

Дөрөвдүгээр үе шат 2013-2015.

Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

1/  улс, орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;

2/  хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;

3/ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;

4/  гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

5/  бусад эх үүсвэр.

 

Тав. Хөтөлбөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Гэр бүлийн хөгжил  дэх  жендэрийн тэгш байдал

Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж, хүний амьдралын анхдагч орчин бөгөөд түүний бэхжилт нь хүн амын өсөлт, улс үндэстний хөгжил, аюулгүй байдлын баталгаа болж байдаг билээ.

Манай улсын 2.5 сая хүн ам  550-иад мянган өрх гэр бүлд амьдарч, нэг өрх дунджаар 4.3 гишүүнтэй байна.  Гэр бүлийг хувийн өмчтэй болгох, ядуу өрхийн тоог бууруулах талаар төрөөс тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна.

Монголын нийгэмд явагдаж байгаа өөрчлөлтийг дагаад гэр бүлийн амьдралд эерэг, сөрөг олон шинэ зүйл гарч байна. Гэр бүлийн 9 орчим хувь баян чинээлэг,    36 орчим хувь нь ядуу амьдарч байгаагийн зэрэгцээ 2001 оны жилийн эцсийн байдлаар 61.3 мянган өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа нь 1995 оноос 2.4 хувиар нэмэгджээ.

Ядууралд орсон өрхүүдийн боловсрол, эрүүл мэнд болон хүүхэддээ анхаарал тавих нь хомсдож, гэр бүлийн гишүүд, ах дүүсийн харьцаа хөндийрч, гэр бүлийн нэр төр, үндэсний  уламжлалыг дээдлэх ёс суртахууны хэм хэмжээ алдагдах үзэгдэл гарч энэ байдал цаашид даамжрах хандлагатай болж байна.

Гэр бүлийн тав тухгүй орчноос болж архаг архичид, тэнэмэл хүүхэд, биеэ үнэлэгчид бий болж, зөрчилтэй гэр бүл, хүчирхийлэл дор амьдарч байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, настангуудын тоо өссөөр байна. Мөн гэр бүл цуцлалт нэмэгдэхийн зэрэгцээ шинээр гэрлэлтээ  бүртгүүлэх нь  буурч байна.

Эрэгтэйчүүдийн нийгэм, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, боловсролын түвшинг дээшлүүлэх шаардлага ч тулгарч байна.

Цаашид өрхийн эдийн  засгийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх нь гэр бүлийн талаар төр, засгаас авч хэрэгжүүлэх гол арга хэмжээний нэг болж байна.

Залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, залуу гэр бүлийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээг гэр бүлд чиглүүлэх зэрэг шаардлага бий болж байна.

Зорилт 1. Гэр бүлийн нэр төр, ёс суртахууныг эрхэмлэх, бат тогтвортой байдлыг хангах, ялангуяа залуучуудыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, залуу гэр бүлийг дэмжих нийгмийн орчинг бүрдүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 1.1. Гэр бүлийн нэр төр, амьдралын утга учир, хүнлэг сэтгэлийн талаар нэгдмэл үзэл баримтлал, чиг хандлагыг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх, энэ чиглэлээр хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулна.

Үйл ажиллагаа:

1.1.1. Гэр бүлийн гишүүдийн эрхийг хүндэтгэсэн гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх;

1.1.2. Өсвөр үе, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;

1.1.3. Гэр бүлийн боловсрол олгох албан ба албан бус сургалтын хөтөлбөрийг  боловсруулж, шаардлагатай гарын авлага, ном, сурах бичгийг нийтийн хүртээл болгох;

1.1.4. Гэрлэх ёслолыг бүртгэх ашгийн төлөө бус ордон, танхимыг аймаг, сум, дүүрэгт ажиллуулах;

1.1.5. Шинээр гэрлэгсдэд тэдний эрх, үүрэг, хариуцлагын тухай болон гэр бүл, жендэрийн асуудлаар сургалт, сурталчилгааг тогтмол явуулах.

Зорилт 2. Үр хүүхдээ асран хамгаалах, гэр бүлээ хөгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж, гэрийн хөдөлмөрийг үнэлэх хандлагыг өөрчилснөөр  дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 2.1. Өрхийн тэргүүний эрх, үүрэг, хариуцлагын талаар эрэгтэйчүүдийн ойлголт, ухамсар сайжирч, тэдгээрийн боловсролын түвшинг дээшлүүлэх бодлого хэрэгжсэн байна.

Үйл ажиллагаа:

2.1.1. Цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт өрхийн тэргүүний эрх, үүрэг, хариуцлагын талаар  сэдэв оруулах;

2.1.2. Эрэгтэйчүүдийг жендэрийн асуудлаархи сургалтад хамруулах, сургууль завсардсан залуучуудад зориулсан албан бус сургалтын хөтөлбөрт энэ асуудлыг тусган хэрэгжүүлэх;

2.1.3. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, бүх шатны мэргэжлийн сургуульд эрэгтэйчүүдийн боловсрол эзэмших нөхцөл, бололцоог дэмжиж улмаар боловсрол эзэмшигчдийн хүйсийн ялгааг арилгах арга хэмжээ авах;

Үр дүн 2.2. Эмэгтэйчүүдийн гэрийн хөдөлмөрийн ачааллыг бууруулан гэр бүлийн болон нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг зөв шударгаар үнэлэх нийгмийн сэтгэл зүй бүрдсэн байна.

Үйл ажиллагаа:

2.2.1. Улс орны хөгжил дэвшилд өрх, гэрийн үйлдвэрлэл, тэдний гишүүдийн оруулж  байгаа хувь нэмрийн талаархи  мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх;

2.2.2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага байгуулахыг дэмжих;

2.2.3. Гэр ахуйн болон хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх зэрэг замаар гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөх.

Үр дүн 2.3. Гэр бүлд хүүхэд эрүүл, боловсролтой, сайн сайхан өсч торних, эцэг, эх үр хүүхдээ өсгөж, хамгаалах, үүрэг хариуцлагаа биелүүлэх эрх зүй, төрийн дэмжлэгийн орчин бүрдсэн байна.

Үйл ажиллагаа:

2.3.1. Хүүхдийн эрхийн болон Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;

2.3.2. Үр хүүхдээ эсэн мэнд бойжуулж, нийгэмд нэр төртэй иргэн бэлтгэж өгсөн гэр бүлийн туршлагыг төрийн бус байгууллагуудтай хамтран нийтэд сурталчлах  ажлыг зохион байгуулах.

Зорилт 3. Гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангаж, гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчих явдалтай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгосноор дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 3.1. Жендэрийн тэгш байдлын асуудлаар хүн ам түүний дотор залуу үеийнхэнд зөв ойлголт өгөх сургалтын тогтолцоо бүрэлдэн тогтсон байна.

Үйл ажиллагаа:

3.1.1. Жендэрийн асуудлаар хүн амын дунд сургалт явуулах хөтөлбөр, гарын авлага боловсруулж түгээх;

3.1.2. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, их, дээд сургуулиуд болон коллежийн сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусгах;

3.1.3. Жендэрийн асуудлаар хичээл заах багш нарыг бэлтгэж эхлэх.

Үр дүн 3.2. Гэр бүлийн амьдралд жендэрийн тэгш байдлын хэрэгжилтийн асуудлаар судалгаа хийх үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж судалгааны үр дүнг бодлого хөтөлбөрт тусгадаг хандлага бүрэлдсэн байна.

Үйл ажиллагаа:

3.2.1. Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлын судалгааг 2 жил тутам явуулах;

3.2.2. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн жендэрийн мэдрэмжийн байдалд судалгаа, дүгнэлт хийх.

Үр дүн 3.3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаж хэрэгжиж эхэлнэ.

Үйл ажиллагаа:

3.3.1. Шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл өгч дэмжлэг бий болгох;

3.3.2. Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, гэр бүлд сөргөлдөөнт байдал үүсэх үндэс мөн гэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг  тогтмол зохион байгуулах;

3.3.3. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн асуудлаар мэргэшсэн хуулийн байгууллагын бүтцийг турших.

Зорилт 4. Өмч эзэмших, өвлөх, шийдвэр гаргахад гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоог хангаж, ядуурлыг бууруулах жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 4.1. Орон сууц, гэр, мал, газар зэрэг өмчийн эзэмшилт, өв залгамжлал, зээл авалтын мэдээг хүйсээр гаргаж дүн шинжилгээ хийдэг болсон байна.

Үйл ажиллагаа:

4.1.1. Орон сууц, мал, газар зэрэг өмч эзэмшилт, зээл авалтын мэдээг гаргах албан ёсны статистик мэдээлэлд оруулах;

4.1.2. Дээрх мэдээлэлд жендэрийн дүн шинжилгээ хийж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад түгээх.

Үр дүн 4.2. Гэр бүл, түүний гишүүдэд хүн амын ядуу хэсгийн зэрэглэлд орохоос урьдчилан сэргийлдэг сэтгэл зүй төлөвшсөн байна.

Үйл ажиллагаа:

4.2.1. Гэр бүлийн нөөц бололцоог судлан амьжиргаагаа сайжруулах арга замын талаар зөвлөлгөө өгөх үүрэг бүхий нийгмийн ажилтныг сум, дүүрэгт ажиллуулах;

4.2.2. Орлогын болон оюуны ядуурлаас сэргийлэх талаар сургалт, сурталчилгааг өргөжүүлэх.

Зорилт 5. Гэр бүлд цогцоор үйлчлэх нийгмийн үйлчилгээний сүлжээг бий болгож, гэр бүлийн талаар явуулах үндэсний нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх нийгмийн нөөцийг дайчлах тогтолцоог бүрдүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 5.1. Гэр бүлийн талаар баримтлах төрийн бодлого батлагдан хэрэгжиж эхэлнэ.

Үйл ажиллагаа:

5.1.1. Гэр бүлийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулах;

5.1.2. Нийгмийн халамжийн үйлчилгээг гэр бүлд чиглүүлж, хамт олонд тулгуурлах, тахир дутуу гишүүдтэй, олон хүүхэдтэй, ядуу амьдралтай өрхөд халамж үйлчилгээг нэн тэргүүнд хүргэх;

5.1.3. Нийгмийн халамжийн тогтолцоог улам боловсронгуй болгон, сум, дүүрэг, баг, хороонд нь эрх мэдлийг шилжүүлэх чиглэлээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх.

Үр дүн 5.2. Гэр бүлийн асуудал эрхэлсэн үндэсний тогтолцоо боловсронгүй болсон байна.

Үйл ажиллагаа:

5.2.1. Гэр бүлийн асуудал хариуцсан үндэсний тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн үндсийг тавих.

Үр дүн 5.3. Гэр бүлд хууль зүй, сэтгэл зүйн болон амьжиргаагаа дээшлүүлэх зөвлөлгөө өгөх, шаардлагатай үед гэр бүлийн гишүүдийг хүчирхийллээс хамгаалах түр байр ажиллуулах зэрэг үйлчилгээний сүлжээ бий болно.

Үйл ажиллагаа:

5.3.1. Гэр бүлд хууль зүй болон сэтгэл зүй, хүүхдийн хүмүүжил, амьжиргаагаа дээшлүүлэх зөвлөлгөө өгөх гэр бүлийн нийгмийн ажилтан бэлтгэх;

5.3.2. Хүчирхийлэпд автагдсан хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настныг түр хамгаалах байрыг дүүрэг, аймгийн төвд ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;

5.3.3. Гэр бүлийн хүчирхийллийн байдлын талаар түүвэр судалгааг орон даяар явуулж дүнг шийдвэр гаргагчид, олон нийтэд мэдээлэх.

П. Эдийн засгийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал

Шилжилтийн жилүүдэд манай иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд бие даан оролцох зэргээр иргэний болон улс төрийн эрх нээлттэй болсон хэдий ч эрхэд суурилсан эдийн засаг, нийгмийн хүрээний жендэрийн харилцааны асуудлууд бодлогын тэргүүлэх чиглэл болтлоо хараахан бүрэн төлөвшиж чадаагүй байна. Шилжилтийн явцад нийгмийн зарим бүлэг ядуурч тэгш байдал алдагдсан төдийгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, хувь хүмүүсийн орлого багасаж, амьжиргааны өртөг нэмэгдсэн явдал нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү хүндээр туссан гэж үзэж болохоор байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн салбарт эмэгтэй, эрэгтэйчүүдийн тэгш байдалд бүтцийн өөрчлөлтийн улмаас сөрөг үр  дагавар тодорхой зааг ялгаа гарсан байна.

Ажиллах хүчний тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийг эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж үзэхээсээ өмнө халамж хүртэгч мэтээр бодлогод илүүтэй тусгаж түүгээрээ эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэсэн хэмээн ойлгуулах гэсэн хандлага газар авсан байна. Байгалийн нөөц баялаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөрт дулдуйдсан эрчимт бус, баталгаа багатай мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хүрээ тэлэхийн хэрээр малчин эмэгтэйчүүдийн ажлын ачаалал улам нэмэгдсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг авч үзэхэд боловсролын салбарт ажиллагчдын 64.5 хувь, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт ажиллагчдын 71.3 хувь, шүүгчдийн 63.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Гэвч нийгмийн салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн хувийн жин өндөр байгаа нь үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бүрэн утгаараа эрэгтэйчүүдийнхээс илүү огцом буурсныг халхавчилж байна.

Өмч хувьчлалын явцад эрэгтэйчүүдээс ихээхэн дутуу хувь хүртсэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр хувийн хэвшилд хөл тавьсан нь ар гэрийн үүрэг хариуцлагын хүнд ачаанд нэрмээс болжээ. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх, асрах үүргээс нь тээршээж тэднийг ажилд авахаас татгалзах, эсвэл нас, царай зүс, өндөр, нам гэх мэт болзол тавьж ялгаварлан гадуурхах явдал байна.

2000 оны хүн амын тооллогын дүнгээр ажилгүйдлийн түвшин эрэгтэйчүүдийнх 16.6, эмэгтэйчүүдийнх 18.2 хувь байна. Ажилгүйдэл, ядууралд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр өртсөнөөс үүдэн эмэгтэйчүүд албан бус салбар болон өрхийн үйлдвэрлэлийн хөлсгүй хөдөлмөрт олноор шилжихэд хүргэж байна.

Өнгөрсөн хугацаанд олсон амжилт, туршлагад үндэслэн эмэгтэйчүүдэд газар болон бусад өмчийг адил тэгш хүртээх, өрхийн үйлдвэрлэлийн хөлсгүй хөдөлмөр, өрхийн түвшин дэх хөдөлмөр хуваарилалт, хөлсгүй хөдөлмөрийг хэмжин үнэлэх аргачлал, боломжийг шат дараатай ахиулах замаар хамтын хариуцлага хүлээлгэх ойлголтыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Эрх тэгш тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн эрхийг баталгаажуулах бодлогоор дамжуулан үйл явцыг оновчтой чиглүүлэн, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг өргөжүүлэх явдал хойшлуулшгүй зорилт болж байна.

Зорилт 6. Эдийн засгийн бодлогод жендэрийн тэгш байдлыг хангах механизмыг бүрдүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 6.1. Макро эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр жендэрийн мэдрэмжтэй болсон байна.

Үйл ажиллагаа:

6.1.1. Макро эдийн засгийн бодлого эрэгтэй, эмэгтэйчүүдийн аж байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явуулж, сөрөг үр дагаврыг багасгах нөхцөлийг бүрдүүлэх ;

6.1.2. Ядуурлыг бууруулах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засаг дахь жендэрийн тэгш байдлыг үнэлэх судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх;

6.1.3. Эдийн засаг дахь жендэрийн судалгааг өргөжүүлэх, энэ чиглэлээр мэргэжилтнийг бэлтгэх, тэдний чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авах;

6.1.4. Эдийн засгийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.

Үр дүн 6.2. Бүтцийн өөрчлөлтийн бодлого, хөтөлбөр жендэрийн мэдрэмжтэй болсон байна.

Үйл ажиллагаа:

6.2.1. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад жендэрийн дүн шинжилгээ хийж, сөрөг үр дагаврыг арилгах чиглэлээр бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг мэдээллээр хангах;

6.2.2. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцох боломж бүрдүүлэх;

6.2.3. Ядуурлыг бууруулах стратегийн хүрээнд ядуу иргэд өөрсдийн нөөц бололцоог ядуурлаас ангижруулах арга хэрэгсэл болгон ашиглах талаар сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.

Үр дүн 6.3. Эдийн засгийн тооцоо, загваруудын жендэрийн мэдрэмж сайжирсан байна.

Үйл ажиллагаа:

6.3.1.  Албан бус эдийн засгийн салбарт жендэрийн мэдрэмжтэй судалгааг явуулах;

6.3.2. Цаг ашиглалтын судалгааг тогтмол хийж хот, хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийг үнэлэх нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн сурталчилгааг явуулах;

6.3.3. Хөдөлмөрийн үнэлэмжийн тооцоог нарийвчлан тогтоож өрхийн хөлсгүй хөдөлмөрийг үндэсний тооцооны өргөтгөсөн журамд дагалт дансны хэлбэрээр тусгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

6.3.4. Жендэрийн хөгжлийн индексийг тооцох, мэдээллийн эх сурвалжийг сайжруулах арга хэмжээ авах.

Зорилт 7. Улсын төсвийн шинэчлэлийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн зарчмыг нэвтрүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 7.1. Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн арга зүйг бодлого төлөвлөгчдөд эзэмшүүлсэн байна.

Үйл ажиллагаа:

7.1.1. Төсвийн орлогын бүрдүүлэлтийн байдалд жендэрийн дүн шинжилгээ хийх;

7.1.2. Төсвийн зарлагын хуваарилалтын үйл явцад жендэрийн төрөлжсөн судалгаа явуулж, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг боловсруулан нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

7.1.3. Санхүү, бүртгэлийн ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах.

Үр дүн 7.2. Төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланд жендэрийн дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Үйл ажиллагаа:

7.2.1. Жендэрийн баримжаатай төсвийг зохиох, боловсруулах, түүний зарцуулалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажилд иргэний нийгмийн төлөөллийг оролцуулж  эхлэх;

7.2.2. Улсын болон орон нутгийн төсвийн зарлагын хуваарилалтад жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийсэн тайлан илтгэлийг төсвийн төслийн хамт Улсын Их Хурал, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд  танилцуулдаг журам тогтоох.

Зорилт 8. Хөдөлмөрийн зах зээлд жендэрийн харилцааг боловсронгуй болгосноор дараахь  үр дүнд хүрнэ:

Үр дүн: 8.1. Хөдөлмөрийн харилцаан дахь хүйсийн ялгаварлалыг арилгана.

Үйл ажиллагаа:

8.1.1. Хүний хөдөлмөрлөх эрхэд харшилсан нас, хүйс, биеийн тухайлсан онцлог зэрэг бусад байдлаар ялгаварласан шинжтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, улмаар жирэмслэх, хүүхдээ асрах эрхээс татгалзахыг тулган хүлээлгэсэн гэрээ, хэлцэл хийх явдлыг таслан зогсооход чиглэсэн хяналт, шалгалтын ажлыг бүх шатанд зохион байгуулах;

8.1.2. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын жендэрийн тэгш бус  байдлыг засч залруулах  чиглэлээр зарим мэргэжлийн хүйсийн тэнцвэржилтийг хангах арга хэмжээ  авах;

8.1.3. Эмэгтэйчүүдийн албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлан гэрээр буюу гэрээгээр, цагаар /хагас өдрөөр/ ажиллуулах хэлбэрийг бодлогын хувьд дэмжих.

Үр дүн 8. 2.  Албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, мэдээллийн хүртээмж сайжирсан байна.

Үйл ажиллагаа:

8.2.1. Албан бус салбарт ажиллагчдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авах;

8.2.2. Ажиллах хүчний судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах;

8.2.3. Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэгчдийг мэдээллийн сүлжээнд хамруулах замаар албан ба албан бус хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн статистик мэдээллийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх.

Зорилт 9. Өрхийн эдийн засагт жендэрийн харилцааг төлөвшүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 9.1.  Өрхийн эдийн засгийн харилцааг жендэрийн мэдрэмжтэйгээр судалсан байна.

 

Үйл ажиллагаа:

9.1.1. Өрхийн аж ахуйн төлөв байдлыг судлан өрх гэрийн хөдөлмөрийн  үнэлэмжийг дээшлүүлэх  сурталчилгааны ажлыг өргөжүүлэх;

9.1.2. Өрхийн орлого, зарлагын судалгаанд тулгуурлан өрх гэрийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

9.1.3. Өрхийн аж ахуйн эдийн засгийн судалгааг өргөжүүлэх.

Үр дүн 9.2.  Өрхийн аж ахуйн харилцааны эрх  зүйн орчин сайжирсан байна.

Үйл ажиллагаа:

9.2.1. Өрхийн аж ахуй эрхлэгчдийн эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авах;

9.2.2. Банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд жендэрийн дүн шинжилгээ явуулах, “Эмэгтэйчүүдэд ээлтэй” жижиг зээлийн шинэ төрөл, хэлбэрийг туршин нэвтрүүлэх;

9.2.3. Эдийн ба эдийн бус баялаг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн харилцаанд жендэрийн дүн шинжилгээ хийж, тэгш байдлыг хангах чиглэлээр өмчлөлийн харилцааны хууль тогтоомжид зарим нэмэлт, өөрчлөлт оруулах .

Ш. Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал

Манай орны хүн амын 43.4 хувь нь хөдөөд хагас суурин болон нүүдлийн хэвшлээр амьдарч байна. Зах зээлийн харилцаанд шилжсэнээр хөдөө аж ахуйн салбарт өмч хувьчлал явагдаж, хөдөөгийн айл өрх хувийн өмчтэй болж, аж амьдралд нь зарим талаар тодорхой ахиц гарч байна. Гэвч хөдөөд нийгэм, соёл, ахуйн үйлчилгээ өмнөх түвшингээсээ буурсан нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажлын ачаалал улам бүр нэмэгдэх, ялангуяа өрхийн хөдөлмөрт эрэгтэйчүүдээс илүү оролцох, улмаар тэдний амрах, суралцах, эрүүл мэндээ хамгаалах, хөгжихөд сөргөөр нөлөөлж байна .

Хөдөө орон нутагт цахилгаан эрчим хүчний хангамж, дэд бүтэц, харилцаа холбооны хөгжил жигд бус, мэдээллийн технологийн хүртээмж хомс, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж болон соёл, нийтийн аж ахуйн үйлчилгээ сул, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь ган, зуд зэрэг байгалийн гамшигт өртөх эрсдэл өндөр, жижиг, дунд үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүйгээс хүн амын амьжиргааны түвшин доройтож, иргэд хөдөөнөөс хот, суурин газар руу олноор шилжин суурьших гол шалтгаан болж байна.

Дээрх байдлаас үүдэн хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд уугуул нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамрагдах, боловсрол, мэргэжлээ дээшлүүлэх, мэдээлэл авах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудал урган гарч  байна.

Зорилт 10. Хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүд боловсрол, мэргэжлийн түвшингээ дээшлүүлэн хөгжих, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 10.1. Суурь боловсрол олгох ангид суралцагсдын дотор хөвгүүдийн эзлэх хувь нэмэгдэж сургууль завсардалт буурсан байна.

Үйл ажиллагаа:

10.1.1. Хөдөөгийн сургуулийн болон суралцагчдын дотуур байрны материаллаг орчинг сайжруулж, сургалт явуулах таатай нөхцөлийг бий болгоход  дэмжлэг үзүүлэх;

10.1.2. Хөдөөгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын системийг цаашид боловсронгуй болгох;

10.1.3. Хүүхдийн сургууль завсардалтын хор уршгийн талаар эцэг, эх, асран хамгаалагчдад зориулан явуулах мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх;

10.1.4. Сургууль завсардсан охид, хөвгүүдэд суурь боловсрол олгох нөхөн сургалтыг иргэний нийгмийн оролцоотойгоор зохион байгуулах.

Үр дүн 10.2. Жендэрийн талаархи хөдөөгийн хүн амын ойлголт сайжирсан байна.

Үйл ажиллагаа:

10.2.1. Сум, багийн Засаг дарга болон хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад  жендэрийн асуудлаар аймаг, бүсийн сургалт зохион байгуулж, тэднээр дамжуулан жендэрийн талаархи ойлголтыг хөдөөгийн хүн амд хүргэх;

10.2.2. Жендэрийн асуудлаар иргэдэд ойлголт өгөх зорилгоор мэдээлэл, сурталчилгааны материалыг  боловсруулан хүргэх.

10.2.3.Тухайн орон нутгийн жендэрийн тэгш байдлын талаархи мэдээллийг  олон нийтэд хүргэх;

Зорилт 11.  Бүс нутгийн хөгжлийн онцлогт тохируулан байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээхэд хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн идэвх санаачилгыг урамшуулан дэмжих замаар дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 11.1. Хөдөөд байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн хамтран зохион байгуулалттайгаар ажиллах хүрээ нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа:

11.1.1. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн тогтвортой менежментийн  хамтлаг байгуулах санаачилгыг дэмжих;

11.1.2. Газар, байгалийн нөөц, бэлчээрийг зохистой ашиглахад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцооны талаар судалгаа хийх;

11.1.3. Байгаль орчныг хамгаалах, уламжлалт зан заншлыг таниулж гэр бүл, хүүхдийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.

Зорилт 12. Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх арга хэмжээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд жендэрийн тэгш байдлыг хангаснаар дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 12.1. Буруу, гаж дадал зуршлаас хамааралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёсны мэдлэг, дадал хэвшил, хандлагад эерэг өөрчлөлт гарсан байна.

Үйл ажиллагаа:

12.1.1. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны асуудлаар хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах;

12.1.2. Зөв хооллолт, аюулгүй хүнс, цэвэр усны хэрэглээ, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

12.1.3. Хөдөөд эхийн эндэгдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлах, тэдгээрийг арилгах арга хэмжээ авах;

12.1.4. Эрэгтэйчүүдийн нас баралтад нөлөөлж буй хүчин зүйлийг судалж, сөрөг үр дагаврыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах.

Зорилт 13. Хөдөөд ажлын байр шинээр бий болгоход эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 13.1. Өмчийн харилцаа, нийгмийн баялаг, орлого хуваарилалтад хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцож, үр ашгийг нь хүртэх эрх зүйн орчин бүрдсэн байна.

Үйл ажиллагаа:

13.1.1. Хөдөөгийн гэр бүлийн орлогын болон өмч хөрөнгийн хуваарилалтад гэр  бүлийн гишүүдийн оролцоог хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

13.1.2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөд шинжлэх ухаан, техникийн дэвшлийг өргөнөөр ашиглах арга замыг судлан нэвтрүүлэх, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцох мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

Үр дүн 13.2. Хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

Үйл ажиллагаа:

13.2.1. Цөөн малтай өрх ялангуяа ганц бие болон өрх толгойлсон иргэд хамтран хоршоо байгуулах, хөдөлмөрөө хоршиход бүх талын туслалцаа үзүүлэх;

13.2.2. Хөдөөд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа хөгжих таатай орчинг бүрдүүлэх;

13.2.3. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

13.2.4. Их, дээд сургууль төгсөгчдийг тодорхой хугацаагаар гэрээний дагуу орон нутагт ажилласан тохиолдолд төрийн сангийн төлбөрөөс чөлөөлөх зэргээр  урамшуулах асуудлыг судлан шийдвэрлэх .

  1. Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал

Улс орноо удирдахад иргэн бүр оролцох эрх Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар баталгаажсан хэдий ч улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд ажиллагсдыг хүйсээр харьцуулан авч үзэхэд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.

Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн  удирдах түвшинд оролцох оролцоо өмнөх тогтолцооныхоос буурсан гажуудлыг арилгах зорилгоор Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрт  2000 он гэхэд Улсын Их Хурал, орон нутгийн сонгуульт болон томилгоот удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг 20-иос доошгүй хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн боловч зорьсон түвшиндээ хүрээгүй юм.

2000 оны байдлаар Улсын Их Хурлын гишүүдийн 11.8 хувь, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарын 4.5 хувь, тэргүүлэгчдийн 12.9 хувь, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарын 13 хувь, тэргүүлэгчдийн 25 хувийг тус тус эмэгтэйчүүд эзэлж байна. Нэг дэд сайдыг эс тооцвол Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг албан тушаалд нэг ч эмэгтэй байхгүй байна. Яамдын газрын дарга нарын 16 хувь, сум, дүүргийн Засаг дарга нарын 3.3 хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна.

2002 онд Үндэсний статистикийн газраас явуулсан “Хөдөөгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй судалгаа”-гаар бодлого боловсруулах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй  байгаа нь мөн тогтоогдсон.

Иймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо доогуур, тэдний мэдлэг оюуны нөөцийг дайчлах явдал хангалтгүй байгаа нь анхаарал төвлөрүүлэх нэг гол асуудал болж байна.

Зорилт 14. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах орчинг бүрдүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

 Үр дүн 14.1. Удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа:

14.1.1. Удирдах албан тушаалд сонгогдсон болон томилогдсон эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар байр суурийг нь бэхжүүлэх сургалт зохион байгуулах;

14.1.2. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, удирдах албан тушаалд бэлтгэх сургалтыг төрийн бус байгууллага, улс төрийн намуудын дэмжлэгтэйгээр зохион  байгуулах.

Үр дүн 14.2. Төрийн албан дахь удирдах албан тушаалд томилогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа:

14.2.1. Хүний нөөцийн талаархи төрийн бодлогод жендэрийн асуудлыг тусган хэрэгжүүлэх;

14.2.2. Удирдах болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн нөөц чадавхийг бүрэн дүүрэн ашиглахын тулд холбогдох хууль тогтоомжийг шинээр санаачлах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гадаад улсын туршлагыг судлах.

Үр дүн 14.3. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд эзлэх байр суурийг судлах, мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа тогтмолжсон байна.

Үйл ажиллагаа:

14.3.1. Удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалыг салбар бүрээр тодорхойлох;

14.3.2. Удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалд эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцооны талаархи судалгаа хийх;

14.3.3. Судалгаанд үндэслэн зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлын хэрэгцээг тодорхойлох.

Үр дүн 14.4. Удирдах болон шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн  төлөөллийн талаар хэмжээ тогтоосон улс төрийн намуудын тоо нэмэгдсэн байна.

Үйл ажиллагаа:

14.4.1. Улс төрийн намуудын удирдлагын дунд эмэгтэй гишүүдээ дэмжих, тэднийг удирдах албан тушаалд бэлтгэх ажлыг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах;

14.4.2. Эмэгтэй гишүүдээ дэмжиж байгаа намын үйл ажиллагаа, туршлагыг бусад намуудад сурталчлах  ажлыг зохион байгуулах;

14.4.3. Удирдах болон шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн  төлөөллийг нэмэгдүүлэх асуудлаар улс төрийн намуудын уулзалт, ярилцлагыг санаачлан тогтмол зохион байгуулж харилцан мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх.

14.4.4. Улс төрийн намын дэргэд байгаа эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулан тухайн намын бодлогод жендэрийн асуудлыг тусгуулах ажлыг хийх.

Үр дүн 14.5. Сонгуульд нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэнэ.

Үйл ажиллагаа:

14.5.1. Лидер эмэгтэйчүүдийг тодруулж, тэднийг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд нь  бэлтгэх, сургалтад хамруулах ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран зохион байгуулах.

Үр дүн 14.6. Эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд дэвшүүлэх талаар олон нийтийн хандлага эерэгээр өөрчлөгдөнө.

Үйл ажиллагаа:

14.6.1. Лидер эмэгтэйчүүдийн ажлын үр дүнг олон нийтэд сурталчлах ажлыг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохион байгуулах;

14.6.2. Шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах талаар хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах;

14.6.3. Эмэгтэйчүүд өөрийгөө олон нийтэд зөв таниулах чадвар эзэмшүүлэх сургалтыг төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах.

14.6.4. Сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг сурталчилах.

  1. Жендэрийн асуудлаархи үндэсний тогтолцоо ба иргэний нийгмийн оролцоо

НҮБ-ын гишүүн ихэнх улс эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн үндэсний тогтолцоотой болсноо Дэлхийн эмэгтэйчүүдийн IY бага хурлын үеэр зарласан билээ. Манай улсад эмэгтэйчүүдийн талаар явуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэгтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо үндсээрээ өөрчлөгдсөний дараа 1990 оноос хойш эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах  асуудал төр, засгийн анхааралд байж холбогдох арга хэмжээг авч ирлээ.

 Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд дэвшил, өөрчлөлт гарч, иргэний нийгмийн төлөөлөл болох төрийн бус байгууллага олноор байгуулагдсан юм.

2000 оны сонгуулийн дараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги, төлөвлөлтийн газрын Хүн амын стратегийн хэлтэс хүн ам, гэр бүл, хүүхэд, залуучууд, жендэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг эрхлэн гүйцэтгэж байна.

Жендэрийн асуудал хариуцсан одоогийн бүтэц нь бодлого, стратегийг тодорхойлж байгаа хэдий ч бодлогыг хэрэгжүүлэх нөөц дутмагаас хэрэгжилтэд төдийлэн ахиц гарахгүй байна.

Засгийн газраас Эмэгтэйчүүдийн асуудлаархи үндэсний зөвлөлийг Хүйсийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл болгон шинэчлэн зохион байгуулж ажилласан нь жендэрийн тэгш байдлыг хангах дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэхэд нааштай ахиц гарсан хэдий ч үндэсний зөвлөл хөрөнгө, санхүүгийн талаар бэхжиж чадаагүй, ажлын албагүй, төв, орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах механизм нь тодорхой бус явж ирлээ.

Иймээс жендэрийн асуудлаархи үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, чадавхийг нь дээшлүүлэх шаардлага тавигдаж байна.

Зорилт 15. Жендэрийн асуудлаархи үндэсний тогтолцоог боловсронгуй болгож, иргэний нийгмийн оролцоог сайжруулснаар дараахь үр дүнд хүрнэ:

Үр дүн 15.1. Төв болон орон нутагт жендэрийн асуудал эрхэлсэн тогтолцоо боловсронгуй болсон байна.

Үйл ажиллагаа:

15.1.1. Засгийн газраас баталсан Хүйсийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

15.1.2. Хүйсийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөлийн өдөр тутмын ажил болон жендэрийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий   ажлын албыг байгуулах;

15.1.3. Орон нутагт жендэрийн асуудлаархи оновчтой бүтцийг засаг захиргааны нэгжүүдэд зохион байгуулж  ажиллуулах;

15.1.4. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг салбарын бодлого, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах зорилгоор яамдын бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн нэгжийн удирдлагыг оролцуулан уулзалт, ярилцлага тогтмол зохион байгуулах, Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулах;

15.1.5. Жендэрийн асуудлаар үндэсний мэргэжилтнийг бэлтгэх, төв, орон нутгийн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх, мэдлэг чадавхийг нь дээшлүүлэх арга хэмжээг авах.

Үр дүн 15.2. Жендэрийн тэгш байдлын тухай хууль батлагдаж, жендэрийн тэгш байдлын асуудлыг үндэсний хууль тогтоомжид тусгадаг болсон байна.

Үйл ажиллагаа:

15.2.1. Жендэрийн тэгш байдлын судалгааг хийж, судалгааны дүнг үндэслэн Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төслийг боловсруулах;

15.2.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулан, хөндлөнгийн хяналт тавих үүрэг бүхий мэдээлэл, судалгааны сүлжээг төрийн бус байгууллагатай хамтран ажиллуулах;

15.2.3. Жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа талаар бусад орны туршлагыг судлах;

15.2.4. Жендэрийн асуудлыг хууль тогтоомжид тусгах, улсын төсвийг батлахад жендэрийн мэдрэмжтэйгээр хандах арга барилыг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг шийдвэр гаргагчдын дунд зохион байгуулах.

Үр дүн 15.3. Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа сайжирч, жендэр, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын чадавхи дээшилнэ.

Үйл ажиллагаа:

15.3.1. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дунд хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулах төслийн уралдаант шалгаруулалт зарлах замаар зарим  ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх;

15.3.2. Жендэрийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгож, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх.

 Үр дүн 15.4. Жендэрийн асуудлаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагаа өргөжин хөгжинө.

Үйл ажиллагаа:

15.4.1. Олон улсын болон бүс нутгийн орнуудын байгууллагатай жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх;

15.4.2. Жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын гэрээ, эрхийн актад нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

15.4.3. Эмэгтэйчүүд, гэр бүлийн эрхийг хамгаалах асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны үр дүнг дүгнэн, олон нийтэд мэдээлж байх.

Зургаа. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг санхүүжүүлэгчдэд тайлагнах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

- – – оОо – – -

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us