Засгийн газрын 2011 оны 303 дугаар

тогтоолын  хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.           Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн өнөөгийн байдал

 

Үндэсний статистикийн хорооноос 2006-2007 онд явуулсан “Монголын хүүхдийн хөдөлмөрийн  судалгааны тайлан”-гаас үзэхэд Монгол Улсад 5-17 насны хүүхдийн 11,5 хувь буюу 71330 хүүхэд ажил эрхэлж байна. Хүүхдийн ажил эрхлэлтийн түвшин 2002-2003 оны байдлаар 10,1 хувь  байснаа  2006-2007 онд    11,5 хувьд хүрч өссөн байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 88,9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт байна. Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 89,5 хувь нь өрхийн бизнесийн үйл ажиллагаанд цалин хөлсгүйгээр оролцогч, 8,8 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1,6 хувь нь зохих цалин хөлстэй оролцогч хэлбэрээр ажил эрхэлж байна. Мөн нийт ажил  эрхэлж байгаа хүүхдийн 16,0 хувь буюу 11400 орчим хүүхэд насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд, уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой нөхцөл бүхий ажлын байранд ажиллаж байна.

Хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт хот, суурингаас илүү ашиглагдаж байгаа бөгөөд хөвгүүд охидоос илүү хамрагдаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон[1]. Долоо хоногт ажилласан цагийн тоогоор авч үзвэл нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн 60,5 хувь[2]  нь хүүхдийн хөдөлмөр эрхэлж байна.

Үндэсний статистикийн хорооноос 2010 оны I улиралд Улаанбаатар хотод явуулсан “Насанд хүрсэн биеэ үнэлэгчид болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн талаархи туршилтын түүвэр судалгаа”-гаар нийслэлд үйлчилгээний газруудад биеэ үнэлж байгаа 43, харин зуучлагчийн эрхшээл дор бэлгийн мөлжлөгт (хүний наймаанд) өртсөн  140 орчим хүүхэд байна гэсэн тоо гарчээ.  Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн ийм төрлийн тэвчишгүй хэлбэр далдуур нэлээд өргөжиж болзошгүйг харуулж байна. Түүнчлэн хүүхдийн нэрээр гуйлга гуйх, хүүхдээр гуйлга гуйлгах явдал цөөнгүй гарч байна.

Эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй орчинд, хэт халуун, хүйтэн нөхцөлд, газрын гүнд, уртасгасан болон шөнийн цагаар ажиллаж, өөрийн хэр хэмжээнээс хэтэрсэн хүнд ачаа өргөх, зөөх зэрэг хүнд нөхцөлд  хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургуулиас түр хугацаагаар завсардах, сургуульд сурахгүй байх зэргээр сурах эрх нь хязгаарлагдаж  байна.

Сургуульд сурдаггүй 6-14 насны нийт хүүхдийн 8,7 хувь нь хотод, 91,3 хувь нь хөдөөд, 59,1 хувь нь эрэгтэй, 40,9 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Хөдөөд сургууль завсардсан хүүхдийн 8,4 хувь нь, хотод 4,5 хувь нь амьдралын гачигдлын улмаас сургуулиас гарсан байна.

Сургуулийн гадна байгаа нийт хүүхдээс  боловсрол нөхөн эзэмших явдал хангалтгүй байгаа юм.  Тухайлбал, 2007-2008 оны хичээлийн жилд сургуулийн насны 7946 хүүхэд албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдсанаас[3]  4774 нь 16 хүртэлх насны хүүхэд байна. Энэ нь сургуулийн гадна байгаа ийм насны хүүхдийн дөнгөж 10 орчим хувьтай  тэнцэж байна.

Албан бус боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдийн сурах бичиг, хичээлийн хэрэгслийн хангалт муу, “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулдаггүй,  дотуур байраар үнэ төлбөргүй үйлчилдэггүйгээс  орлого багатай  өрхийн хүүхдүүд албан бус сургалтад хамрагдаж чадахгүй, хамрагдсан ч тогтвортой суралцаж, боловсролын зохих түвшний мэдлэг нөхөн эзэмших боломж хомс байна.

Залуучуудын ажилгүйдэл өндөр, зохистой, баталгаатай ажлын байраар хангагдах боломж хязгаарлагдмал, мэргэжил, ур чадвар дутмаг зэрэг нь насанд хүрээгүй хүүхэд болон залуучууд уул уурхай, барилга, зарим үйлчилгээний газарт мэргэжил шаардахгүй энгийн ажил, үйлчилгээг албан бусаар, ажлын хэт ачаалалтайгаар, хөдөлмөрийн муу нөхцөлд эрхлэх шалтгаан болж байна. Судалгаагаар 15-24 насны залуусын ажилгүйдэл улсын дунджаас бараг 2 дахин өндөр, залуучуудын сургуулиас ажилд шилжих шилжилтийн хугацаа дунджаар       2,5 жил, охидын хувьд хотод 3,2 жил байна[4]. Өрхийн амьжиргааны түвшин доогуур байх, залуучуудад ажлын олдоц,  ур чадвар эзэмших боломж  хязгаарлагдмал  байгаа  зэргээс  хүүхдүүд  албан  бус хэвшилд аюултай, хүнд нөхцөлд  ажил хийх, улмаар хууль бус үйл ажиллагаанд татагдан орж байна.

1.2.           Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2006 онд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2016 он гэхэд устгах дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлахдаа  гишүүн орнуудын Засгийн газарт  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр (цаашид “ХХТХ” гэнэ)-ийг устгах үндэсний хугацаат хөтөлбөрийг ажил олгогч, ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагатай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар 2010 оны 5 дугаар сард Гаага хотноо хуралдсан Дэлхийн бага хурлаас 2016 он гэхэд ХХТХ-ийг устгах суурь зорилтыг хэрэгжүүлэх “Замын зураглал” хэмээх стратегийн баримт бичгийг батлан гаргаж, ХХТХ-ийг устгахад Засгийн газар тэргүүлэх үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ үндэсний хэмжээний нэгдмэл бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Монгол Улсын өргөн барьсан Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн гурав, дөрөвдүгээр илтгэлд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмжид хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх бодлогыг тодорхойлох, энэ чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг өргөтгөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Улсын Их Хурлаас баталсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах талаар тодорхой зорилт тусгасан бөгөөд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааны уялдааг хангах, орон нутгийн түвшинд тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах механизмыг тодорхой болгох шаардлагатай байна.

Түүнчлэн хүүхдийн хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэх, эмзэг бүлгийн хүүхдийн суралцах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийг багасгах, тэвчишгүй хэлбэрийг устгах үйл ажиллагааг зорилтот бүлэгт чиглэсэн хэлбэрээр зохион байгуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх, ХХТХ-т хандах олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хяналт, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй байна.

ХХТХ-ийг устгах үйл ажиллагааг бүх хүүхдэд чанартай суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх, залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт болон өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан  хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Дээрх нөхцөл, байдлыг үндэслэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах  Үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэнэ)-ийг боловсруулсан болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, баримтлах зарчим

 

2.1. “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэх замаар 2016 он гэхэд Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгахад хөтөлбөрийн зорилго  оршино.

2.2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 3 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт  дараахь ажлын төрлийг багтаана:

2.2.1. боолчлолын бүх хэлбэр, хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, барьцаалах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг (хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх);

2.2.2. хүүхдийн бэлгийн мөлжлөг буюу хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самууны сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самууны үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох;

2.2.3. хүүхдийг хууль бус үйл  ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох (хүүхдээр хулгай, дээрэм хийлгэх, мансууруулах бодис зөөлгөх, борлуулах, үйлдвэрлэх гэх мэт);

2.2.4. хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 107 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан аюултай ажлын байр, ажил мэргэжил, эсвэл газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил гүйцэтгүүлэх, тэдгээртэй адилтгах ажил.

2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:

            2.3.1. хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр салбар дундын үйл ажиллагааны уялдаа, холбоонд тулгуурлах;

2.3.2. зорилтот бүлэгт чиглэсэн байх;

              

           2.3.3. хүүхдийн эрхэд суурилсан байх;     

 

           2.3.4. нийгмийн түншүүд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын хамтын үйл ажиллагаанд түшиглэх;

2.3.5. гэр бүл, олон нийтийн оролцоонд суурилсан байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

  1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилт дэвшүүлж байна:

3.1. Хүүхдийн эрхэд суурилах зарчимд нийцүүлэн хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. хүүхдийн эрхийн тухай болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид нийцүүлэн 18 нас хүрээгүй хүүхдийг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хэлбэрээр ашигласан хэрэгт ногдуулах шийтгэлийг чангатгах, хэрэг  бүртгэх,  мөрдөн  байцаах,  шүүх үйл ажиллагааны явцад хохирогч хүүхдийг хамгаалах, эрхийг нь хангах чиглэлээр Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх болон Садар самуун явдалтай тэмцэх тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг  боловсруулах;

3.1.2. Хөдөлмөрийн тухай хуульд заасан насанд хүрээгүй хүний хөдөлмөрийн насны доод хязгаарыг олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэн тогтоох;

3.1.3. циркийн үзүүлбэр, уран нугаралт, акробат зэрэг төрлөөр бага насны хүүхдийг сургах, дадлагажуулах, урлагийн тоглолт хийлгэхэд хүүхдийн эрх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг бий болгох;

3.1.4. хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах үндэсний стандартыг боловсруулан баталгаажуулж мөрдүүлэх, хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулах;

3.1.5. хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах зорилгод нийцүүлэн ХХТХ-т өртсөн болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах  асуудлыг боловсруулах;

3.1.6. тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр  эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;

3.1.7. хүүхдийн хөдөлмөрийн асуудлаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид нэмэх.

Хүрэх үр дүн: Хүүхдийн эрхийг  хамгаалах, ХХТХ-ийг хориглох, устгах, хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг зохицуулах үндэсний хууль тогтоомж нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаархи олон улсын гэрээ, конвенци  агуулгад бүрэн нийцсэн, боловсронгуй болсон  байна.

 

3.2. Хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах талаархи хууль сахиулах чадамжийг дээшлүүлэх 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн байцаах ажиллагааг мэргэшсэн прокурор,  дагнасан мөрдөн байцаагчаар гүйцэтгүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор энэ төрлийн гэмт хэргийг  мөрдөн шалгах үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд явуулдаг чадвартай болох;

3.2.2. хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтан, хүүхдийн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулах сургалтыг үе шаттай явуулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа ажлын талаар бусад улсын туршлагыг судлах;

3.2.3. хууль зүйн мэргэжил олгох их, дээд сургуулийн бакалаврын болон ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хичээлд насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт, хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эрхийг хамгаалах, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс сэргийлэх, хүүхэд дамжуулан худалдах гэмт хэрэг гэсэн сэдвийг тусгах, шаардлагатай гарын авлагыг боловсруулах;

3.2.4. аймаг, дүүргийн хууль, эрх зүйн туслалцааны төвийг түшиглэн ХХТХ-ийн хохирогч хүүхдэд өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээ, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг өргөжүүлэх;

3.2.5. хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөг, хүүхдийн наймааны гэмт хэргийн талаархи судалгааг тогтмолжуулах, энэ чиглэлээр цагдаагийн байгууллагын мэдээллийг боловсронгуй болгох, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн мэдээллийг ил тод болгох арга хэмжээ авах;

3.2.6. шашны сургуульд суралцаж байгаа хүүхдийн сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс хамгаалах, тэднийг бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс ангид байлгах асуудлаар судалгаа хийх, шаардлагатай арга хэмжээ авах, хяналт тавих;

3.2.7. циркийн үзүүлбэр үзүүлэгч, уран нугараач  хүүхдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучилж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох;

3.2.8. хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын болон ҮЭ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт зориулан насанд хүрээгүй хүний хөдөлмөрийн харилцааны талаар үе шаттай сургалт зохион байгуулах, хүүхдийн хөдөлмөрийн байдалд шалгалт хийх, илэрсэн зөрчил, түүний мөрөөр авсан арга хэмжээний талаархи мэдээ, тайланг боловсронгуй болгох;

3.2.9. насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдөж байгаа байдалд хийх улсын үзлэгт албан бус хэвшил, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан тогтоосон хугацаанд явуулж байх, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд уг жагсаалтад зарим нэмэлт, өөрчлөлт  оруулах ажлыг зохион байгуулах.

Хүрэх үр дүн:

-хүүхдийн эсрэг хүчирхийллийн болон ХХТХ-тэй холбоотой  гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, прокурорын хяналт тавих, шүүх ажиллагааг гүйцэтгэх хууль сахиулах байгууллагын ажилтан, хүүхдийн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч нарын арга барил, ур чадвар сайжирч,  энэ төрлийн гэмт хэргийг  мөрдөн шалгах үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд явуулдаг чадавхи бий болно.

-насанд хүрээгүй хүний хөдөлмөрийг зохицуулсан хууль тогтоомжийн  биелэлтэд тавих хяналт сайжирсан байна.

3.3. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох асуудлын хүрээнд сургуулийн гадна байгаа хүүхдүүд, түүний дотор хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг бага, суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, авъяас, чадварыг нь хөгжүүлэх ажлыг өргөжүүлэх 3 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. сургуулийн гадна байгаа хүүхдийн тоо өндөр байгаа аймаг, сум, дүүрэг, түүний дотор ашигт малтмал хувиараа олборлогч төвлөрсөн орон нутагт  албан бус хөдөлмөр эрхэлж байгаа, сургуулиас завсардсан хүүхдийн судалгааг гаргаж, тэднийг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрийн сургалтад бүрэн хамруулах, улмаар ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн бага, дунд  боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн суурь болон үндсэн чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах;

3.3.2. албан бус сургалт явуулж байгаа “Гэгээрэл, хөгжил” төвүүдийн сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, уг төвийн багш, ажилчид, орон нутгийн  Засаг даргын Тамгын газар, дүүрэг, хорооны нийгмийн ажилтнуудын үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах;

3.3.3.  албан бус боловсролын төвийн захирал, арга зүйч, багш нарыг  тогтвор суурьшилтай ажиллуулах талаар санал боловсруулах;

3.3.4. “Гэгээрэл, хөгжил” төвийн түргэвчилсэн сургалтаар суурь боловсрол эзэмшсэн, цаашид сурах эрмэлзэлтэй 15-17 насны хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг тэдний сонирхлын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон их, дээд сургуульд элсүүлж, мэргэжил эзэмшүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, байгууллагын дэмжлэг авах зэрэг ажлыг холбогдох байгууллагатай  хамтран зохион байгуулах;

3.3.5. ХХТХ-т өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдийг урлаг, спортоор  дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн боловсрол олгох ажлыг өргөжүүлэх, соёл, урлагийн болон биеийн тамирын байгууллагыг түшиглэн хүүхдийн авъяасыг тэтгэх, хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах.

Хүрэх үр дүн:

-сургуулийн гадна хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд албан бус боловсролын сургалтад хамрагдаж, ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцсанаар бага, суурь, дунд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдсэн байна.

-сургуулийн гадна хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд  мэргэжлийн сургуульд суралцах боломж бүрдэнэ.

-ХХТХ-т өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдийн авъяас чадвар, мэдлэгийг  урлаг, спортоор дамжуулан хөгжүүлж, төлөвшүүлнэ.

3.4. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийг суралцах тэгш боломжоор хангах, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох ажлыг өргөжүүлэн зохион байгуулах  4 дүгээр  зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

3.4.1. албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь боловсрол нөхөн олгох сургалтад  хамрагдсан хүүхдийг нас харгалзахгүйгээр “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл олгоход шаардагдах хөрөнгийг  шийдвэрлэх;

3.4.2. бага, суурь боловсрол олгох албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сурах бичгийг боловсруулж, хэвлэх зардлыг төрөөс даах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

3.4.3. бичиг үсгийн болон албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөр, амьдрах ухааны сургалтад хамрагдаж байгаа хүнд нөхцөлд байгаа буюу ХХТХ-т өртсөн хүүхдийг төлөвшүүлэх, сургах, чадваржуулах арга зүйд багш, нийгмийн ажилтныг сургах;

3.4.4. хүүхдийг сургууль завсардуулахгүйгээр сургах, багш болон бусад хүүхдийн зүгээс хүүхдэд дарамт, шахалт үзүүлэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэр гаргахгүй байх  ээлтэй суралцах орчин бүрдүүлэх асуудлаар ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлыг дүгнэх журамд өөрчлөлт оруулан мөрдүүлэх.

Хүрэх үр дүн:

 

-албан бус боловсролын сургалтын орчин сайжирч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна;

-хүүхдэд дарамт, шахалт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтгүйгээр суралцах боломж бүрдэж, ХХТХ-ээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын болон нутгийн захиргааны байгууллагын хүлээх нийгмийн үүрэг, хариуцлага дээшилсэн байна.

3.5. ХХТХ-т өртсөн 15-17 насны хүүхдийг зохистой хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, аюулгүй ажилд шилжүүлэх, тэдний гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг өргөжүүлэх 5 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил эзэмшүүлэх, дадлагажуулах сургалтад сургууль завсардсан, насанд хүрээгүй хүүхдийг бүрэн хамруулах,  ХХТХ-т өртсөн   15-17 насны хүүхдийг аюулгүй ажилд зуучилж, үр дүнг тооцох;

3.5.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон мал малладаг өсвөр насны хүүхэд, залуусын бизнесийн мэдлэг, бүтээлч хандлагыг хөгжүүлэх, тэдний ирээдүйн зохистой хөдөлмөрийг дэмжсэн багц сургалтыг зохион байгуулах, бизнес инкубацын үйлчилгээ үзүүлэх;

3.5.3. ХХТХ-т өртсөн хүүхдийн гэр бүлийн гишүүдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалт, мэргэжлийн суурь болон үндсэн чадвар олгох сургалтад үе шаттайгаар хамруулах,  тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг өрхийн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутгийн түвшинд төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

3.5.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд туршин хэрэгжүүлж байгаа “Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн  хүрээг өргөтгөж хөдөлмөр эрхлэгч хүүхдийн эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг бүрэн хамруулах;

3.5.5. хөдөлмөр эрхлэгч хүүхдийн эцэг, эх, гэр бүлийн гишүүдийг болон  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртсөн 15-17 насны хүүхдийг  ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг урамшуулах механизмыг бий болгох.

Хүрэх үр дүн:

 

-ХХТХ-т  өртсөн 15-17 насны хүүхдийн авъяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгай хөтөлбөрөөр тэднийг зохистой хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, тэдний аюулгүй, бүтээлч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  үйл ажиллагааны төрөл, хүртээмж нэмэгдсэн байна.

-ХХТХ-т өртсөн хүүхдийн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна.

3.6. ХХТХ-т өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа болон эрх нь зөрчигдсөн  хүүхдийн нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн  үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх 6 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

3.6.1. ХХТХ-т өртсөн, өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, тухайлбал оршин суух тодорхой хаяггүй, тэнэмэл амьдралтай, эцэг, эх нь архидан согтуурах зэрэг хорт зуршилд автсан, үр хүүхдээ асран хамгаалах чадваргүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй, орон гэргүй зэрэг тодорхой шалтгааны улмаас хүүхдээ суралцуулах боломжгүй өрхийн хүүхдийг өдөр өнжүүлэх бүлэг, дотуур байранд эхний ээлжинд авах, дотуур байрны хүртээмж,  хүчин чадлыг  нэмэгдүүлж төсвийн болон гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр хүүхдийн халамж, асрамжийн газрыг шинээр байгуулж, өргөтгөх;

3.6.2. ХХТХ-т өртсөн, өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх;

3.6.3. ХХТХ-т өртсөн, өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа хүүхэд ерөнхий боловсролын сургуульд албан бус сургалтад суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцсыг үнэ төлбөргүй олгох, үнийн хөнгөлөлт үзүүлэх;

3.6.4. ХХТХ-т өртсөн болон хүнд нөхцөлд байгаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дархлаажуулалтад хамруулах арга хэмжээ авах, тэдгээрийн эрүүл мэнд, биеийн өсөлт, хөгжлийн байдалд судалгаа хийж дүгнэлт гаргах, шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд  хамруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

3.6.5. Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”-ийн үйлчилгээг олон улсын жишиг, стандартын түвшинд хүргэх;

3.6.6. бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, хүний наймааны хохирогч болсон хүүхдэд зориулсан хамгаалах байрыг дүүрэг болон аймгийн төвүүдийн нөхцөл байдлыг харгалзан байгуулж, үйлчилгээний шаардлага хангасан хамгаалах байрны зардлыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нийгмийн халамжийн сангаас олгодог болгох, хамгаалах байрны ажлын үр дүнд тавих хяналтыг сайжруулах;

3.6.7. бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, амь насыг нь аврах, бие махбодь болон сэтгэл зүйг нөхөн сэргээх  нэг цэгийн үйлчилгээг аймгийн төв, томоохон сумдын эмнэлгийг түшиглэн  байгуулах;

3.6.8. бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн бэлгийн замын халдварт өвчнийг  эмчлэх, тэдэнд  нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх;

3.6.9. иргэний бүртгэлийн зөрчилтэйн улмаас нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхэд, тэдгээрийн эцэг, эхийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах, иргэний бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулах.

Хүрэх үр дүн:

-ХХТХ-т өртсөн, өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмж нэмэгдэж, санхүүгийн дэмжлэг сайжирсан байна.

-бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, хүний наймааны хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрхийг хамгаалах, нөхөн сэргээх  үйлчилгээний хүртээмж, санхүүгийн дэмжлэг сайжирсан  байна.

3.7. Хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх, устгахад нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх 7 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.7.1. барилга, аялал жуулчлал, уул уурхай,  аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын ажил олгогч эздийн болон мэргэжлийн холбоодын ажилтнуудад зориулан ХХТХ-ийг хориглох, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон залуусын зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлээр сургалт явуулах;

3.7.2. албан болон албан бус хэвшилд ажиллаж байгаа залуучуудад зориулан зохистой хөдөлмөр эрхлэх, суралцах, аюултай ажлаас хамгаалагдах эрхийн талаархи зөвлөгөө, эрх зүйн туслалцааг  Хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан олгох;

3.7.3. ХХТХ-тэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тандалт, судалгаа хийлгэх;

3.7.4. ХХТХ-т өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдийг нөхөн сэргээх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн ажлын арга зүйг боловсруулах;

3.7.5. хурдан морь унаач болон мал маллаж байгаа хүүхдэд учруулж болзошгүй аюул, эрсдэлтэй үйлдлийг судлан тогтоох, түүнийг “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалт”д тусган хориглох  ажлыг зохион байгуулах;

3.7.6. аж ахуйн нэгж, байгууллага, жижиг, дунд үйлдвэр болон фермер, өрхийн аж ахуйд улсаас зээл олгох болзол, сонгон шалгаруулалтын нөхцөлд хүүхдийг аюултай, эрсдэлтэй ажил эрхлүүлэхгүй байх шалгуурыг нэмж тусган хэрэгжүүлэх;

3.7.7. хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах  зорилтыг хэрэгжүүлэх, 15 нас хүрсэн, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүүхдийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хөдөө аж ахуйн хоршоолол, нөхөрлөл, фермер, өрхийн аж ахуй эрхлэгч нарт зориулсан гарын авлага бэлтгэх;

3.7.8. хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах үйл ажиллагаа болон залуусын зохистой хөдөлмөрийн сэдвээр сэтгүүлчдийг  мэргэшүүлэх сургалт явуулах;

3.7.9. хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийг дамжуулан худалдах үйлдэл, насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон аюултай ажлын байрны талаархи олон нийтийн ойлголт, хандлагыг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг, урлагийн бүтээл, нийтлэл, сургалт, сурталчилгаа хийх;

3.7.10. хүүхдийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн байдал, хөгжилд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийн үзүүлэх сөрөг үр дагаврын талаархи анагаах ухаан, сэтгэл зүй, нийгмийн салбарын судалгаа-шинжилгээний ажлыг дэмжих.

Хүрэх үр дүн:

 

-хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгахад ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоо, хүлээх үүрэг, хариуцлага дээшилсэн байна.

-хүүхдийг аюул, эрсдэлтэй  ажил эрхлэхээс  хамгаалахад хоршоолол, нөхөрлөл, өрхийн аж ахуйн нэгжийн хүлээх  үүрэг, хариуцлага дээшилсэн байна.

-хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага дээшлэхэд хэвлэл мэдээлэл, боловсрол, урлаг, судалгааны байгууллагын гүйцэтгэх  үүрэг, оролцоо нэмэгдэнэ.

3.8. ХХТХ-ийг хориглох, устгах чиглэлээр төв, орон нутгийн захиргааны болон нийгмийн түншлэлийн байгууллагын нэгдмэл үйл ажиллагааг сайжруулах оновчтой арга хэрэгслийг нэвтрүүлэх 8 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

3.8.1. ХХТХ-ийг устгах үйл ажиллагааг орон нутагт удирдан зохион байгуулах дэд хорооны үйл ажиллагааны нийтлэг удирдамж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн  АЙПЕК хөтөлбөрийн хүрээнд туршсан “ХХТХ-ийг устгах орон нутгийн нэгдмэл үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар”-ын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ажилтны мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

3.8.2. хүүхдийн эрх, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар олон жил ажилласан,  туршлага бүхий сургагч багш нарын баг бүрдүүлж, аймаг, дүүргийн түвшинд чадавхи бэхжүүлэх сургалтыг хэрэгцээнийх нь үндсэн дээр тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах;

3.8.3. Үндэсний хорооноос баталсан төсөлд тавих шалгуур, санхүүжүүлэх горим, үр дүнг нь хянах аргачлалын дагуу орон нутгаас ирүүлсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;

3.8.4. хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд болон тэдний гэр бүлийн байдал, тэдэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээ, хүүхдийг хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс  хөндийрүүлэх чиглэлээр хийсэн ажлын  мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

Хүрэх үр дүн:

 

-ХХТХ-ийг хориглох, устгах нэгдмэл үйл ажиллагааны загварыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлсэн байна.

-тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдийг  тэвчишгүй хөдөлмөрөөс хөндийрүүлэх, дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх,  нөхөн сэргээх,  хөгжүүлэх  ажлыг орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлсэн байна.

-улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээллийн  нэгдсэн сан бий болж , түүний хэрэглээ сайжирсан байна.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, удирдлага

                           

4.1. Хөтөлбөрийг   2012-2016 онд  2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр үе шат – 2012-2013 он

Хоёрдугаар  үе шат – 2014-2016 он

Нэгдүгээр шатны үйл ажиллагааны  үнэлгээг үндэслэн  хөтөлбөрт  нэмэлт, өөрчлөлт  оруулж болно. Хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдлын үндэсний түүвэр судалгааг 2011, 2016 онд явуулж, хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд гарч байгаа өөрчлөлтөд үнэлэлт, дүгнэлт өгч, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгана. Хоёрдугаар шатны хэрэгжилтийн үнэлгээг үндэслэн хөтөлбөрийн эцсийн үр дүнг тооцно. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг үндэсний  болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн дүгнэж, олсон амжилт, туршлагад үнэлгээ өгнө.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдан зохион байгуулах үүргийг “ХХТХ-ийг устгах үндэсний хороо” (цаашид “Үндэсний хороо” гэнэ)  хэрэгжүүлэх бөгөөд Үндэсний хороог нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана. Үндэсний хорооны  ажлын албаны үүргийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар гүйцэтгэнэ.  Орон нутгийн түвшинд хөтөлбөрийг хэрэгжүүлэх  “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах дэд хороо”-г аймаг, нийслэлийн Засаг дарга  удирдана. Уг дэд хорооны ажлын албаны үүргийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс  гүйцэтгэнэ.

Үндэсний хорооны ажлын алба нь хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалт, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана. Үндэсний хороо жилд 1 удаа Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19.1-д заасан Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд ажлаа тайлагнана.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

 

5.1. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлж, үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

5.1.1. улсын болон орон нутгийн төсвийн  санхүүжилт;

5.1.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн төлөө болон бусад Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт;

5.1.3. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;

5.1.4. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

5.1.5. бусад эх үүсвэр.

Зургаа. Тэргүүлэх ач холбогдол өгөх төслүүд

Хүүхдийн хөдөлмөрийг багасгах, ХХТХ-ийг хориглох, устгах зорилтыг хангах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дараахь төсөлд тэргүүлэх ач холбогдол өгч  улсын төсөв болон  санхүүжилтийн бусад эх үүсвэрийг ашиглана:

1)     хүүхдийн   хөдөлмөрийн   асуудлыг зохицуулсан эрх  зүйн шинэчлэл, хууль

сахиулах чадавхийг дээшлүүлэх төсөл;

2) хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаанд өртсөн хүүхдийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх,  эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, боловсрол, сургалтын дараачийн шатны үйлчилгээнд хамруулах төсөл;

3) бичил уурхайд болон хувиараа ашигт малтмал олборлогчдын дунд  тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг уг ажлаас хөндийрүүлэх асуудлаархи төсөл, хувиараа ашигт малтмал олборлож ажиллах эрсдэлтэй хүүхдийг илрүүлэх, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс  урьдчилан сэргийлэх төсөл;

4) хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх төсөл;

5) тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байсан 15-17 насны хүүхдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ирээдүйн зохистой хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн  боловсрол, сургалтад хамруулах төсөл;

6) хөдөө аж ахуйд ажилладаг 15-аас дээш насны хүүхэд, залуусын зохистой хөдөлмөрийг дэмжих төсөл;

7) ХХТХ-т өртсөн, эсвэл өртөх эрсдэлтэй, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, тухайлбал оршин суух тодорхой хаяггүй, тэнэмэл амьдралтай, архидан согтуурах зэрэг гаж үйлдэлд донтож  үр хүүхдээ асран халамжлах чадваргүй болсон, эсвэл хөгжлийн бэршээлтэй, орон гэргүйн улмаас хүүхдээ суралцуулах боломжгүй болсон  өрхийн хүүхдийг сургуульд суралцах боломжийг нь хангах дотуур байр, түүнтэй дүйцэх орон байраар хангах  төсөл.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

 

  7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд хүүхдийн эрхийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг  оролцуулна.

 

7.2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар нь холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах дэд хороо”, төсөл хэрэгжүүлсэн төрийн бус байгууллагаас тайлан, мэдээллийг авч нэгтгэн жил бүрийн 11 дүгээр сард Үндэсний хороогоор хэлэлцүүлнэ.

7.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнгийн талаархи мэдээ, тайланг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн цахим хуудсаар (www.stopchildlabour.mn) дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.

7.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлэн дүгнэнэ[5]:

Шалгуур үзүүлэлт Суурь үзүүлэлт 2013 онд хүрэх түвшин 2016 онд хүрэхтүвшин
   1 Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн хөдөлмөрийн талаархи олон улсын конвенцид нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль тогтоомжийн тоо 8 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Хөдөлмөрийн тухай, Хүүхдийн эрхийн тухай Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх, Садар самуун явдалтай тэмцэх тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна Шүүхийн шинжилгээний тухай, Эрүүл мэндийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна
2 Аюултай ажил эрхэлж байгаа хүүхдийн тоо 11400[6] 7000 0
3 Нийт ажил эрхэлж байгаа хүүхдийн дотор уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүүхдийн эзлэх хувь 1,0[7] 0,5 0
4 Сургуулийн гадна байгаа нийт хүүхдийн тоонд боловсрол нөхөн олгох сургалтад хамрагдсан сургуулийн насны хүүхдийн  эзлэх хувь (2008-2009 оны хичээлийн жилийн байдлаар) 38,3[8] 70,0 100,0
5 Ажил эрхэлж байгаа 15-17 насны хүүхдийн дотор боловсрол эзэмшээгүй хүүхдийн эзлэх хувь 16,5[9] 8,0 0
6 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих багц үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдсан сургуулийн гадна байгаа 15-17 насны хүүхдийн тоо 2509[10] 1500 0
7 ХХТХ-т өртсөн хүүхэд, түүний эцэг, эх, гэр бүлийн бусад гишүүдийн ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан өрхийн тоо 0 6000 12000
8 Хараа хяналтгүй хүүхдийн тоо 282[11] 100 0
9 Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийн тоо 3 10 5
 10 ХХТХ-т өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, хөгжүүлэх үйлчилгээг тогтвортой үзүүлж байгаа аймаг, сум, дүүргийн тоо 3 аймаг,  1 дүүрэг Аймаг, сум, дүүрэг Аймаг, сум, дүүрэг

—оОо—

[1]ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтарсан “Монгол Улсын хүүхдийн хөдөлмөр ба залуучуудын ажил эрхлэлтийг ойлгохуй” судалгааны тайлан, 2009

[2] Эдгээрийн 26549 нь 5-11 насны, 1409 нь 12-14 насны, 5730 нь 15-17 насны хүүхэд байна.

[3] Үүнээс 81,4 хувь нь хөдөөд, 18,6 хувь нь хотод ногдож, эдгээрийн 63,6  хувь нь эрэгтэй, 36,7 хувь нь эмэгтэй хүүхэд

[4]ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтарсан “Монгол Улсын хүүхдийн хөдөлмөр ба залуучуудын ажил эрхлэлтийг ойлгохуй” судалгааны тайлан, 2009

[5] Ашигласан эх сурвалж:

  1. Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан. Үндэсний статистикийн хороо. УБ. 2008
  2. Биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн хөдөлмөрийн судалгаа. Үндэсний статистикийн хороо.  2006-2007. УБ.2008
  3. Бүх нийтийн боловсролын 2009, 2010 оны тайлан. Боловсрол, соёл, шинжлэх  ухааны  яам.
  4. Суурь боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтын ажлын дүн шинжилгээ. Албан бус боловсрол, зайны  сургалтын үндэсний төв. УБ.2010
  5. Монгол Улсын хүүхдийн хөдөлмөр ба залуучуудын ажил эрхлэлтийг ойлгохуй судалгааны тайлан. ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк. УБ. 2009

[6]Зөвхөн хориглосон ажлын байранд, эсвэл уртасгасан цагаар, эсвэл хүнд, хортой ажлын байранд ажиллаж байгаа хүүхдийн тоог хамруулав. Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2006-2007, ҮСГ.2008

[7] Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2006-2007, ҮСГ.2008

[8] Сургуулийн гадна байгаа хүүхдийн тоог БСШУЯ-ны албан ёсны статистик мэдээллээр авав.

[9] Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан  2006-2007, ҮСГ. 2008 х51 /хүснэгт 23/

[10] Боловсролын салбар 2006-2007  оны хичээлийн жилийн эмхтгэл

[11] Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн 4 дүгээр илтгэлийн хавсралтын 8.1, 2009 он

 
 

 
 
 
Дээшээ
PersonalTrainerCertification.us